1. Товчлол
Үүлэн тооцоолол нь олон жилийн туршид яригдсаар ирсэн Grid Computing болон Utility Computing технологиудыг нэгтгэсэн технологи юм. Хэдийгээр хуучин мэт санагдах боловч дээрх хоёр технологийг нэгтгэснээр төсөөлөгдөж байгаагүй шинэ санаа, асуудлыг шийдэх оновчтой сонголтыг гаргаж ирсэн юм. Сүлжээнд холбогдсон техник хангамжууд /сервер компьютерууд/ болон түүн дээр суурилагдсан програм хангамжууд, үйлчилгээнүүд / service /, бизнес моделиудыг нийтэд нь “үүл” гэж нэрлээд, үүнийг ашиглах технологийг үүлэн тооцоолол гэж томъёолж байна. Энгийнээр тайлбарлавал, хэрэглэгч өөрийн хэрэгцээт програм хангамж, өгөгдлүүдээ интернетийн сервер дээр байрлуулж ашиглана. Тэдгээр програм хангамжууд, өгөгдлийн бүхий л засвар үйлчилгээ, найдвартай ажиллагаа зэргийг тухайн үүлийг ажиллуулж буй үйлчилгээ үзүүлэгч байгууллага бүрэн хариуцаж ажиллах бөгөөд үүнийхээ хөлсөнд хэрэглэгчээс тодорхой хэмжээний төлбөр авдаг.
2. Оршил
Нэлээд хэдэн жилийн өмнөөс хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор компьютер, интернет хөгжиж ирсэн бол компьютер хэрэглэх ажлыг хөнгөвчлөхүйц олон олон технологиуд ар араасаа гарч эхэллээ. Үүний нэг нь үүлэн тооцоолол юм.
Хэрэглэгчийн талаас өдөр тутмын хэрэглээнд ашиглагддаг програм хангамжуудын суулгалт, засвар үйлчилгээ гэх мэт дагалдах үйлдлүүдийг төдийлөн өөрсдөө гүйцэтгэхийг хүсдэггүй. Мөн бизнесийн байгууллагуудын талаас бизнест шууд нөлөөгүй сервер зохион байгуулах, програм хангамж суулгах, тэдгээрийг арчлах, нууцлалыг хангах зэрэг үйлдлүүдийг хийлгүйгээр зөвхөн үйлчилгээндээ хамаг анхаарлаа төвлөрүүлэхийг хүсдэг. Бид өдөр тутамдаа цахилгаан эрчим хүч хэрэглээд, тэр хэмжээгээрээ тодорхой хугацааны дараа төлбөрөө төлдөг. Гэхдээ чухам ямар замаар эрчим хүч бидэн дээр ирдэгийг бид мэддэгүй, мэдэх ч шаардлагагүй юм. Үүнтэй ижилхэн зарчмаар үүлэн тооцоолол маань ажилладаг.
3. Үүлэн тооцоолол
Үүлэн тооцоолол гэдэг нь компьютерууд болон бусад төхөөрөмжүүд нь програм хангамж, дундын өгөгдөл, мэдээллүүдээ интернетийн орчноор дамжуулан боловсруулдаг тооцоолол юм. Энэ нь mainframe, клиент-сервер технологийн дараагаар гарч ирж буй шинэ технологи бөгөөд гол зорилго нь хэрэглэгчдийг заавал мэдэх, эзэмших шаардлагагүй техник хангамжийн физик түвшинээс тусгаарлахаас урган гарч байна. Үүлэн тооцоолол нь интернетэд суурилсан үйлчилгээний хувьд өгөгдөл, үйлчилгээгээ хүргэх цоо шинэ загвар болох юм.
Үүл гэсэн ойлголт нь утсан холбооны үед сүлжээг дүрслэхэд хэрэглэгдэж байсан ойлголт бөгөөд хожмоо интернет, компьютерийн сүлжээг дүрслэхэд ашиглагдах болжээ.
Харьцуулалт
Дараах технологиудтай ижил төстэй боловч ялгагдахуйц шинж чанартай:
1. Автоматжуулсан тооцоолол – Өөртөө зохицуулалт хийх чадвартай систем
2. Клиент-Сервер – Үйлчилгээ үзүүлэгч /сервер/ болон үйлчилгээ хүсэгч /клиент/-үүдэд ялгагдахуйц програм хангамжийг санал болгодог
3. Grid тооцоолол – Distributed болон параллель тооцооллын нэг хэлбэр бөгөөд сүлжээний кластер, том хэмжээний үүрэг гүйцэтгэгч чөлөөлт холболтын компьютерийн цогц гэж хэлж болох “супер виртуал компьютер” ашигладаг
4. Мэйнфрейм – Том хэмжээний байгууллагууд, чухал үйлдэлд ашиглагддаг хүчирхэг компьтер. Хүн амын тооллого, аж үйлдвэр, үйлчлүүлэгчдийн статистик, нөөцийн төлөвлөлт болон эдийн засгийн өдөр тутмын ажиллагаа боловсруулах гэх мэт өгөгдөл боловсруулах ажилд ашиглагддаг.
5. Utility тооцоолол -
Шинж чанар
Ерөнхийдөө үйлчилгээ үзүүлэгч байгууллагад төлөх төлбөрөөс гаднах зардал гаргахгүй байх үүднээс хэрэглэгчид нь физик түвшний нөөцүүдийг эзэмшдэггүй. Өөрсдийн эзэмшиж буй нөөцийг зөвхөн үйлчилгээний журмаар эзэмшдэг. Олон олон үйлчилгээ үзүүлэгчдээс зөвхөн өөрсдийн шаардлагатай үйлчилгээгээ авна гэдэг нь хэрэглээний түвшинг нэмэгдүүлж, сул зогсолтыг багасгадаг.
Түүх
Үүлэн тооцооллын суурь ойлголт нь тэртээ 1960 онд Жон МакКартигийн хэлснээр: “Тооцоолол гэдэг зүйл хэзээ нэгэн цагт бүх нийтийн хэрэгсэл болно” гэсэн үгээс гаралтай. Үнэндээ энэ ойлголт нь тухайн үеийн үйлчилгээний албан газруудтай шинж чанар нэгтэй юм. “Үүл” гэдэг ойлголтыг 1990-ээд оныг хүртэл хоёр цэгийг холбосон харилцаа холбооны үндсэн технологи болох телефоноос зээлдсэн бөгөөд хожмоо телефонтой төстэй боловч илүү бага өртөгтэй VPN / Virtual Private Network /-ийг ашиглаж эхэлсэн байна. Тэнцвэрийг хадгалах үүднээс өгөгдлийн урсгалыг ачаалал тохируулагч руу шилжүүлснээр нийт сүлжээний bandwith -ийг илүү үр дүнтэйгээр ашиглах бололцоо гарч ирсэн. Үүлэн тэмдэглэгээ нь хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хоорондох уулзах цэгийг дүрслэхэд хэрэглэгдэж байжээ. Үүлэн тооцоолол үүнийг өөрсдийн сүлжээний дэд бүтэц болох серверүүдийн бүрхүүлийг дүрслэхэд ашиглажээ.
Ихэнх компьютерийн сүлжээнүүдийг хамарсан, өөрийн багтаамжийн ердөө 10%-ийг л ашигладаг dot-com хөөсөнцөрийн дараа Amazon компани өөрсдийн өгөгдлийн байгууламжид шинэчлэлт хийснээр үүлэн тооцооллыг хөгжүүлэхэд хүндтэй хувь нэмэр оруулсан юм. 2005 он гэхэд тэд өөрсдийн систем рүүгээ utility тооцоолол дээр тулгуурласан Amazon -ы веб үйлчилгээгээр дамжуулан хандах болжээ.
2007 оноос Google, IBM болон томоохон Их сургуулиуд үүлэн тооцооллын судалгааны төслүүд дээр ажиллаж эхэлжээ. 2008 оны дунд үеэр Gartner -д “Мэдээллийн технологийг ашигладаг, түгээдэг олон мянган хэрэглэгчдийг хооронд нь холбосон гүүрийг үүлэн тооцооллын тусламжтай бүтээж болно” гэсэн санаа төрж, “Байгууллагууд төрөл бүрийн техник хангамж, програм хангамжуудаа өөрсдөө эзэмшдэг байдлыг халж, үйлчилгээнд суурилсан загвар руу шилжсэнээр нэлээд тооны салбарт мэдээллийн технологийн бүтээгдэхүүний өндөр өсөлт, мөн тооны салбарт асар их хэмнэлт авчирна” гэж тэмдэглэжээ.
Түлхүүр давуу талууд
- Хялбар хандалт
- Өртөг
- Төхөөрөмжийн болон байрлалын бие даасан байдал
- Зэрэгцээ хандалт
- Найдвартай байдал
- Хяналт
- Нууцлал
- Засварлагдах байдал
- Хэмжигдэхүйц байдал
4. Давхаргууд
Үйлчлүүлэгч
Үйлчлүүлэгчид нь үүлэн тооцоололд байршигдсан програм хангамж болон техник хангамжийг ашигладаг бөгөөд эдгээр хэрэгслүүд нь үүлний санал болгож буй үйлчилгээ болон төрөл бүрийн програм хангамжийг түгээх зориулалттай.
Програм хангамж
Үүлний програм хангамжийн үйлчилгээ нь интернетээр төрөл бүрийн програм хангамжуудыг үйлчилгээ үзүүлэх журмаар түгээснээр хэрэглэгчид хэрэгцээт програмаа өөрсдийн компьютер дээр суулгадаг уламжлалт байдлыг эвдэж, засвар үйлчилгээ үзүүлэхэд хялбар болгодог. Гол шинжүүд:
- Сүлжээгээр дамжуулан програм хангамжид хандах болон тэдгээрийг засварлах
- Програм хангамжийн хүргэлт нь нэгээс-нэг загвараас илүү нэгээс-олон загварыг хэрэгжүүлдэг.
- Програмын шинэчлэлт, хөгжүүлэлт хийхэд нэгдсэн нэг үйлдэл хийхэд хангалттай.
Платформ
Үүлэн тооцооллын платформын үйлчилгээ нь үүлний суурь бүтцийг ашиглан, програм хангамжуудад дэмжлэг үзүүлэх орчин юм. Энэ нь доод түвшний техник хангамж, програм хангамжуудыг эзэмшиж, зардал гаргахгүйгээр програм хангамж хөгжүүлэх боломжийг олгодог.
Суурь бүтэц
Үүлэн тооцооллын суурь бүтцийн үйлчилгээ нь платформыг хийсвэрчлэн бүтээхэд үндсэн дэд бүтэц нь болдог. Энэхүү үйлчилгээний санал болгож буй техник хангамж, програм хангамжуудыг худалдаж авбал илүү их хөрөнгө шаардагддаг.
5. Дүгнэлт
Бүхий л мэдээллүүдийг хийсвэрчлэн цахимжуулж байгаа өнөө үед тэр их хэмжээний өгөгдлийг хэрхэн зүй зохистойгоор ашиглах тал дээр арга технологиуд нэвтэрч байгаагийн нэг гол төлөөлөгч нь үүлэн тооцоолол юм. Хүн бүр нэг л төрлийн өгөгдлийг өөрсдийн компьютер дээр байршуулна гэдэг асар их өгөгдлийн давхардлыг үүсгэдэг. Харин энэхүү өгөгдлүүдийг нэгэн дор төвлөрүүлж, олон талаас нь зэрэг хандаж ажиллавал орон зайны хувьд асар хэмнэлттэйгээс гадна ажлын бүтээмжийг дээшлүүлдэг.
Интернет ашиглан үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэж буй байгууллагуудад энэ технологи асар том боломжийг олгож байна. Урьд нь интернет ашиглахад шаардагдах техник болон програм хангамжууд, түүний засвар үйлчилгээнд зориулж асар их зардал гаргахын зэрэгцээ, түүний бүрэн бүтэн байдлыг хангах ажиллах хүчнийг хүртэл хөлсөлдөг байлаа. Харин одоо энэ бүхнийг үүл зохион байгуулагч байгууллагад даатгаад, зөвхөн өөрийн бизнестээ санаа тавих боломжтой болсон.
Энэ мэт олон олон боломжууд нээгдэж байгаа хэдий ч манай орны хувьд үүлэн тооцооллын гол дэд бүтэц болсон интернетийн хурд хангалтгүй байгаагаас шалтгаалан гадны өндөр түвшний үүлнүүдээр үйлчлүүлэх боломж дутмаг байна. Энэ нь манай орны байгууллагад өөрийн үүлийг үүсгэн ажиллуулах боломжийг олгож байгаа юм. Дэлхий дахины бизнес эрхлэгчид энэхүү технологийг үйлчилгээ үзүүлэхэд асар тохиромжтой гэдгийг ойлгоод, сүүлийн хоёр жилийн турш хөрөнгө оруулалтыг асар ихээр хийж байна. Дэлхийн томоохон эрдэм шинжилгээний төвүүд, их сургуулиудын лабораториуд үүлэн тооцооллын судалгаа шинжилгээг хийсээр байна. Удахгүй үүл гэдэг ойлголт бидний амьдралын ердийн хэрэглээ болох нь.
Өөрийнхөөрөө сайхан бичжээ