Огноо:
2010-02-15
, Төрөл:
Удаан жаргалын билэгдэл урт цэнхэр хадагтай
Ухаант өвөг дээдсийн минь уран цэцэн ерөөлтэй
Улс Монголын минь бахархал утга төгөлдөр заншилтай
Уудам тал нутгийн баяр цэнгэл Цагаан сар айлчлан ирлээ.
Өнөөдөр "Тийн Урвагч" хэмээх цагаан барс жилийн Хаврын тэргүүн сарын Шинийн нэгэн. Улс орон даяар шинэ жилтэйгээ хөөр баяртайгаар учран золгож, хуучин оныхоо алдаа оноог дүгнэн тунгаадаг заншилтай. Эл өглөө эртлэн босч гарч буй жилийн өнгө хийморийг тэгшитгэн мөр юүгээн гаргаж, ах дүү, төрөл төрөгсөдөөр цуглан мэндийг мэдэлцэн золгодог нь нэн сайхан уламжлал билээ.
Ийн ёсыг үйлдсэний дараа айл бүр хоймортоо залсан хуур хөгжмийн хөгийг сэргээн, гал голомтынхоо жаврыг үргээж татдаг. Эрт дээр үеэс хуур хөгжмийг амь сүнстэй хэмээж, ямагт хүндэтгэн тахисаар ирсэний тод жишээ энэ бөлгөө. Домогт өгүүлснээр морин хуур хөгжмийг аргамаг хүлгийн шинжийг агуулсан молор мөнгөн толгойноос ирт мэсийг үл хүргэн үйлдсэн хос чавхдасыг хөглөн татаж, шандаст хүлгийн цавины арьсаар царлан амилуулсан гэдэг. Зүүн этгээд дэх бүдүүн чавхдасыг азарганы сүүлээр, баруун этгээд дэх нарийн чавхдасыг гүүний сүүлээр урладаг нь арга билгийн ухааныг шингээж буйн илрэл бөгөөд хар өнгийн сүүлээр эрч хүчийг, цагаан өнгийн сүүлээр уян хатныг илэрхийлдэг байна. Иймээс амьд амьтны хийморийг шингээсэн энэхүү зэмсэг Монгол төдийгүй, харь орны хүн бүрийн сэтгэлд нийцэт аялгууг эгшиглүүлдэг нь дамжиггүй юм.
Шинийн нэгний өглөө /зарим ёсонд битүүний орой гэдэг/ хэрэв хуур татах хүн байваас хуурын хөгийг тэгшилж, ая татлага эгшиглүүлдэг ба хэрэв тийм хүн үгүй бол хуурыг гэрийн тооноор гадагш гаргаж агаарын салхины урсгалаар хуурын цар хүнгэнэхийг сонсдог уламжлалтай.
Миний хувьд энэ жил "Энх мэндийн баяр" хэмээх уртын сайхан дуугаар эхэлж, залгуулан "Уулган шарын явдал", "Морин төвөргөөн" хэмээх аясыг хөгжимдан жавраа үргээлээ.
By Boldkhuu Batbaatar with
0
сэтгэгдэл
0 сэтгэгдэл: