Огноо:
2010-01-17
, Төрөл:
Хүмүүс
Өнгөрсөнөөсөө суралцах нь бидний урагшлах том боломж гэдэгтэй хүн болгон санал нийлэх буйзаа. Иймээс өөрийн блогтоо өнгөрсөн болоод одоо цаг үеийн суут хүмүүсийн намтар, амьдралын түүхээс нийтэлж байхаар шийдлээ.
Энэ удаад сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг ял эдлүүлэхийг хориглосон хуулийн үндэсийг тавьсан алдарт эмэгтэй Дороти Диксийн /Dorothea Dix/ намтарыг орчуулан нийтэллээ. Яагаад энэ хүнийг сонгосон юм бол? Хүн ганц амьдрах амьдралаа өөрийн биеийг үл хайхран бусдын төлөө зориулах нь үнэхээрийн гайхалтай зүйл юм. “Чиний мөрөөдөл юу вэ?” гэсэн асуултад бид ихэвчлэн “Хангалуун сайхан амьдрал, жинхэнэ хайр дурлал, сайхан гэр бүл, боловсрол, эд баялаг, эрх мэдэл ...” гэх мэт өөрт хэрэгтэй зүйлсээр хариу барьдаг шүү дээ. Гэтэл энэ хүний хувьд тийм байсангүй. Тиймээс энэ эмэгтэйн энэрэнгүй сэтгэл, дайчин чанарыг хүндэтгэж, та бүхнийг ч бас суралцаасай хэмээн сонгосон юм.
Дороти Дикс
Хүмүүнлэг үзэлтэн Дороти Дикс АНУ-ын Мэйн муж дахь бөглүү жижиг тосгонд 1802 онд мэндэлжээ. Элдэвийг унших дуртай, аливаа зүйлийг хурдан шаламгай сурчихдаг тэрээр бага наснаасаа Бостонд байдаг эмээ дээрээ өсч, тэнд боловсрол олж авчээ. Дөнгөж арван есхөн настайдаа Бостонд Диксийн охидын сургуулийг байгуулсан нь амжилтанд хүрсэн юм. Тус сургуульд суралцах сурагчдын тоо цөөнгүй байснаар зогсохгүй Бостонд хамт амьдрахаар ирсэн хоёр дүүд нь ч хүрэлцэхүйц хангалттай орлогын эх үүсвэр болдог байлаа. Тэрээр 1824 оноос хүүхдэд зориулсан номны эхлэлийг тавьсан олон номнуудаа бичиж хэвлүүлжээ. Гэвч 1836 онд түүний биеийн байдал доройтож, бүх л амьдралынхаа туршид шаналсан уушгины /сүръеэ байсан гэж үздэг/ өвчин нь сэдэрчээ. Үүний улмаас хичээл заахаа больж, өөрийн сургуулийг хаахаас өөр аргагүйд хүрсэн байна. Тэр жилээ биеэ бага зэрэг дээрдсэний дараа эмчлүүлж тэнхрэх зорилгоор нарлаг Италийг зорих боллоо. Гэвч тэр тийшээ явж чадаагүй юм. Хөлөг онгоц нь Англид зангуугаа хаясаны дараа түүний бие аялалаа цааш нь үргэлжлүүлж дийлэхээргүй болж, британи анд болох Виллиам Ратбоны асрамжинд оржээ. Ийнхүү Англид байх хугацаандаа тэр Йорк хотын Сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийг асрах газрын дарга Самуэл Тюктэй танилцаж, түүнээс сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг хэрхэн асрах талаар шинэ содон, энэрэнгүй аргуудыг сурч авсан байна.
АНУ-д эргэж ирээд Дикс Массачусетс мужийн Кэмбрижийн эмэгтэйчүүдийн хорих ангид сайн дураар хичээл зааж эхэлжээ. Мөн шоронгийн харгалзагчийн хориглолтыг эс тоон шоронгийн доод хонгил дахь сэтгэл мэдрэлийн өвчтэй ялтануудыг хорьдог газар руу ороод жирийн ялтануудаас хавьгүй доор, бохир заваан, харгис бурангуй нөхцөлд хөөрхийлөлтэй ялтануудыг байлгаж байгааг харан цочирдон гайхжээ. Ийнхүү тэр өөрөө өөртөө бүхий л амьдралаа сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийн нөхцөл байдлыг сайжруулахад зориулна гэж ам тангараг өргөсөн гэдэг.
Энэ явдлаас хойш 18 сарын турш Дикс сэтгэцийн өвчтэй ялтануудыг хорьдог Массачусетсийн шорон, ядуусын хороолол, орон нутгийн хорих ангиудаар явж үзжээ. Тэрээр өөрийн олж мэдсэн аймшигтай нөхцөл байдлын тухай хууль тогтоох байгууллагад мэдэгдсэнээр төд удалгүй энэ байдлыг засах шинэ хуулийг баталжээ. Үүний дараагаар тэр өөрийн анхаарлыг хөрш зэргэлдээх Шинэ Английн мужууд, дараа нь өрнө болон өмнө тийш хандууллаа. Галт тэрэг, сүйх тэрэг, морин тэрэг, завиар олон мянган бээр аялж, хүчээр дэмий итгүүлэх гэж ятгахын оронд дараалалтайгаар мэдээлэл цуглуулж эхэлсэн байна. 1861 онд Иргэний дайн эхлэхэд Диксийн нас сүүдэр 60 хүрсэн байлаа. Гэсэн хэдий ч тэрээр Армийн Сувилах албанд сайн дураар хүчин зүтгэхээр шийджээ. Эхэндээ цэргийн тушаалтнууд эмэгтэй сувилагчдыг энэ албанд тохирохгүй гэж үзэж байсан авч Дикс тэднийг эмэгтэй хүн л энэ албыг хүлээцтэй гүйцэтгэж чадна хэмээн ятгаж чадсан байна. Энэ хугацаандаа 3000 гаруй эмэгтэйчүүдийг албанд татаж, цэргүүдийн асаргаанд зориулан мөнгөн хуримтлал үүсгэсэн байна. Түүний удирдлаган дор армийн сувилгаа, асаргааны байдал гайхалтайгаар дэвшиж чадсан юм.
Дайны дараа Дикс өөрийн амьдралдаа эргэн орж, аялалаа цааш нь үргэлжлүүлэн, 15 мужид байрлах сэтгэцийн эмнэлгүүдтэй танилцсан байна. Тэрээр улсын эзэмшлийн газраас олсон ашигаа сэтгэцийн хомсдолтой хөөрхий өвчтөнүүдэд зориулахыг хүссэн нь конгрессын хоёр тэнхимээр сайшаагдсан боловч тухайн үед ерөнхийлөгч байсан Пиерс үүнийг нь хоригложээ. Хэдийгээр энэ төлөвлөгөө бүтэлгүйтсэн ч АНУ-д, цаашлаад Канад болон Европийн анхаарлыг сэтгэцийн эмгэгийн асуудалд татаж чадсан билээ. Диксийн гол амжилт нь бие даасан, нягт нямбай эрэл хайгуул, шургуу мөртлөө номхон дөлгөөн зан чанар, бусдыг ятгах гайхам авъяас болон түүнийг дэмжиж туслаж байдаг чинээлэг анд нөхөд нарт нь оршиж байсан юм.
By Boldkhuu Batbaatar with
0
сэтгэгдэл
0 сэтгэгдэл: