Огноо:
2008-09-09
, Төрөл:
Түүх
Викингчүүд нь 9-11-р зууны хооронд Европын ихэнх хэсгийг эзлэн колончилж байсан Скандинавын жуулчид, дайчид, худалдаачид болон далайн дээрэмчид юм. Тэд өөрсдийн алдарт урт хөлөг онгоцоор зүүн тийш Волга мөрнөөр Константинополь хүртэл, баруун тийш Исланд, Гренланд болон бусад шинэ нээгдсэн газар орнууд руу зорчдог байлаа. Энэхүү Викингчүүдийн үе нь Европын дундад зууны түүхийн нэлээдгүй том хэсгийг бүрдүүлжээ.
Викингчүүд ихэвчлэн Хойд Атлантын далайгаар аялах ба урагшаа хойд Африк, баруун тийш Орос, Константинополь болон баруун Европ руу жуулчлал, колончлол, худалдаа наймааны чиглэлээр аялдаг байлаа. Викингчүүд Улаан Эрикийн угсаа залгамжлагч Лейф Эриксоны удирдлаган дор хойд Америкт хүрч одоогийн L’Anse aux Meadows, Newfoundland болон Лабрадор, Канадад жижиг суурингуудыг байгуулжээ.
Усан онгоц
Лонгшип /урт хөлөг онгоц, дракар буюу луу/, кнар гэх ерөнхий 2 төрлийн усан онгоц байлаа. Дракар нь дайн тулаан болон аялал жуулчлалд ихэвчлэн ашиглагдах бөгөөд их хурдтай хөдөлж чадахуйцаар бүтээгдсэн байдаг. Салхинаас үл хамааран хөдөлж байхын тулд хүчирхэг сэлүүрүүд суурилуулжээ. Завины гадар хэсгийг урт нарийхан хэсгүүдээр бүрдэг нь гүехэн устай газар ч цэргүүд болон ачаа бараагаа буулгахад тохиромжтой болгож өгдөг. Харин кнар нь худалдааны тээврийн хөлөг онгоц бөгөөд дракарыг бодвол удаан боловч ачаа тээш агуулах багтаамжаараа хамаагүй илүү байдаг. Богино, бүдүүн хэсгүүдээр бүрэгдэх ба гүн устай газар зорчиж чадна.
Дракар нь ихэвчлэн Лейданг буюу Скандинавийн хамгаалалтын флотод ашиглагддаг байжээ.
1960-аад оны үед сайн хадгалагдаж үлдсэн таван хөлөг онгоц Роскилд Фиордын ойролцоох малтглагын үеэр олджээ. Эдгээр таван хөлөг онгоц нь 11-р зууны үед Данийн нийслэл хотыг далайн довтлогооноос хамгаалах үед осолдсон бөгөөд Викинг хөлөг онгоцны гол төлөөлөл болох дракар, кнаррууд байлаа. Энэ хөлөг онгоцнуудаас үлдсэн зүйлүүд Роскилд дахь Викинг хөлөг онгоцны музейд хадгалагдаж байна.
Зэр зэвсэг
Бидний Викингүүдийн зэр зэвсгийн талаарх мэдлэг нь архелогийн малтлаг, зурагт үзмэрүүд, 13-р зуунд бичигдсэн Норвегийн хууль, түүхүүд дээр үндэслэдэг. Ёс заншилын үүднээс бүх чөлөөт Норвегичүүд өөрсдийн зэвсэгтэй байх ёстой бөгөөд түүнийгээ ямагт биедээ авч явах ёстой. Мөн эдгээр зэр зэвсэг нь тухайн хүний нийгмийн угсаа гарвал, зэрэг зиндааг тодорхойлдог байжээ. Жишээлбэл баян чинээлэг Викинг хүн дуулга, бамбай, гинжин цамц, амьтны арьсан хүрэм зэргийг бусад зэвсэгийн хамтаар зүүж явдаг байв. Харин ядуу нэгэн нь зөвхөн сэлэм, бамбайтай байх жишээтэй.
Жад, бамбай нь нийт Викингчүүдийн үндсэн зэвсэг юм. Тодорхой зорилгоор зарим нь голдуу сеакс төрлийн хутга зүүдэг. Зарим тохиолдолд жадны оронд нум, эсвэл сэлэм барих нь ч бий. Баян Викинг хүн бусад зэвсгийнхээ хажуугаар
заавал сэлэмтэй байх ёстой бөгөөд бусад бие хамгаалах хуяг дуулга ч байх ёстой.
Алдартай Викингчүүд:
Бёрн Айронсайд – Лагнар Родброкын хүү, Италийг тонон дээрэмдсэн
Бродир – Ирландын хаан Брайн Боруг алсан Данийн Викинг
Агуу Канют – Англи, Дани, Норвеги, Шведийг захирч байсан Викингийн их хаан. Свейн Форкбейрдийн хүү, Харолд Блүтүүтийн ач. Орчин үеийн түүхчид түүнийг Хойд этгээдийн Их хаан ч гэх нь бий.
Эгилл Скалагримсон – Исландын алдарт дайчин
Викториус Эрик – Шведийн хаан бөгөөд анх удаагаа үндэстний хаан болж байжээ
Рэд Эрик – Гренландыг колончлогч
Фрейдис Эйрикстодир – Винланд руу зорчсон эмэгтэй
Гардар Сваварсон – Исландыг нээсэн хүн /Исландыг Наддоддр нээсэн гэх нь ч бий/
Инголфур Арнарсон – Исландын колончлогч
Лейф Эрикксон – Рэд Эрикийн хүү, Винландыг нээсэн
Олаф Тригвассон – 995-1000 оны хооронд Норвегийн хаан байсан тэрээр олон мянган хүмүүсийг Христийн шашинд хүчээр оруулж байжээ. Мөн хүмүүс түүний зарлигийг дагаагүйд уурлахдаа Лондонгийн гүүрийг шатааж байжээ. Үүнээс үүдэн хүүхдүүдийн дундах “Лондонгийн гүүр уналаа” гэх хэллэг үүсчээ.
Рагнар Родброк – Парисыг эзэлсэн
By Boldkhuu Batbaatar with
0
сэтгэгдэл
0 сэтгэгдэл: