Огноо:
2011-08-03
, Төрөл:
Уран зохиол
Фүүүү. Блогийг минь бүр тоос дарж орхиж.
Би энд тэнд очерлож зогсохдоо ном унших дуртай. Өчигдөр нэг ийм өгүүллэг уншлаа. Яагаад ч юм энэ өгүүллэг надад сэтгэгдэл төрүүлсэн. Амжилтанд хүрэх залууст бараг бүгдэнд нь тохиолдох тийм нэг зэрвэс үзэгдлийг бичжээ. Уншаад үзээрэй.
"Мөөг"
Оюунаа охины хөөр баяр сэтгэлээс нь хальжээ. Хүүхэд бүхэн баяр хүргээд л багш нь гүйж ирж үнсээд л "Бийр чинь улам хурц, ухаан чинь улам цэцэн байх болтугай" гэж ерөөл тавиад л ... Алдаршина гэдэг ямар сайхан юм бэ? Нүүр нь халуу оргиж, хэлэх байх үгээ олж ядна.
- Сайхан авьяастай охин юм даа гэж хэлсэн зургаа "Б" ангийн багшийн үг улам ч дотно санагдана. Өчигдөрхөн гар бөмбөгийн тэмцээн дээр анги нь хожигдоход манай багштай маргалдаад явж байсан хүн ийм үг хэлж байх ...
Герман улсад амрах эрхийн бичгээ үнгэчих вий гэж бодохдоо охин бушуухан цүнхэлж авав. Харин ханын хуанли нь цүнхэнд багтахааргүй том аж. Түүнийг хуйлж бариад цүнхээ сугавчлан сургуулийн заалнаас гарахад бүх юм хачин сайхан. Хонгилоор чанга хашгирч гүймээр санагдана. Гэхдээ Оюунаа тэгж чадахгүй. Даруу зан нь түүнд "Үүнээс илүү алдрыг хүртсэн хүүхэд ямар байдгийг чи санаач" гэх шиг. Ангидаа иртэл Чулуунбаатар,
- Бүгдээрээ "ишигхэн"ээ сэвэх үү? гэхэд нөхөд нь
- Өө тэгье гэлцэн уухайн тас хашгиралдав. Найз Тунгалаг нь хүртэл дэвхэрч цовхрон алгаа ташина. Оюунаагийн ичсэн гэж жигтэйхэн, арын ширээ рүү "Хүүе яах нь вэ?" гэж хэлээд зугтаалаа. Хаалга руу биш булан руу зугтсан хүн хаашаа зайлах вэ дээ. Юу юугүй баригдлаа. Хүүхдүүд тааралдсан бүгдээсээ барьж сэвлээ. Ичих ч шиг, гомдох ч шиг, Баярласан сэтгэлээ илэрхийлж байгаа нөхдөдөө гомдоно гэдэг утгагүй хэдий ч нэг л эвгүй. Тэгсэн ч нөхдийн талархлыг давж чадлаа.Хөөр баяраар бялхсан охин гэртээ гүйж ирлээ. Ээж нь үнсэж, охиндоо бууз хийж өгөхөөр болов. Түүнээс илүү бэлэг ээжид нь юу байхав. Аав нь харин нэг ч их баярласангүй. Түүнийг ч охин юман чинээнд бодсонгүй. Дотроо баярлаж л байгаа гэж бодно. Билгээ дүү нь аавын буурь зааж чимээгүй байх атал эгчийгээ атаархлын хөөрхөн харцаар "шагналаа".
Хаврын өдрүүд зэрэглээ мэт жирэлзэнэ. Оюунаагийн хувьд юм бүхэн баяр. Улаан шороо боссон саарал хавсарга, мод бут суулгах зүдэргээтэй ажил шалгалтын нойр хүргэсэн давтлага алинд нь ч тэр урьд өмнийх шиг зүдэрсэнгүй. Холыг зорино, үзээгүйг үзнэ гэсэн их хүсэл, үлгэр мэт алс нутгийн тухай өөрийн төсөөлөл юунд ч торсонгүй. Гэтэл харин нэг удаа Зандангийн хэлсэн үг...
Тэр өдөр дүү нь хичээлээсээ ирдэггүй, Давтлагын дараа ангийнхан нь эмнэлэг орж Цогтсүрэнг эргэнэ гэж тохирсон байв. Цаг болчихоод байхад Оюунаа яаран яаран цонхоор ширтэвч дүү нь ирдэггүй. Яаж өлгийтэй дүүгээ ганцаарангий нь орхиод эмнэлэг үрүү дэгдэхэв? Хугацаа гэгч "өршөөлгүй гол" урссаар л ... Хагас цаг өнгөрсөн хойно халтартатлаа тоглосон дүү нь юу ч болоогүй юм шиг орж ирээд эргэнэг уудалж идэх юм эргүүлэв. Явна гэдгийг мэдээгүй болохоор дүүд нь ямар ч буруу байхав. Оюунаа дөнгөж ирүүт нь зөрж гараад эмнэлэг дээр гүйгээд иртэл ангийнхан нь Цогтсүрэнг эргэчихээд урдаас нь ирж явлаа. Зандан,
- Их зураач гуай таныг бид зөндөө хүлээсэн. Алдартай хүнд ангийнхны хэрэг ч хамаагүй биз дээ гэхэд нөхөд нь юу ч хэлсэнгүй. Бүгд түүнээс цэрвээд байх шиг.
- Миний буруу л даа. Манай дүү хичээлээсээ ирдэггүй. Хишгээг ганцаарангий нь орхиж явалтай биш. Хүлээсээр байгаад хоцорчихлоо гэхэд хэн ч дуугарсангүй. Харин Саранцэцэг "Хм" гэвГанцаараа үрчийтлээ хоцров. Бүгд зөрөөд явцгаалаа. Юу ч үгүй Цогтсүрэн дээр очилтой биш. Ядаж Тунгалаг "Тийм ээ, та нар Оюунааг ойлго л доо. Энэ чинь дүү нь ирэхгүй бол гарч чаддаггүй шүү дээ'' гэж хэлэх байх гэсэн тэгсэнгүй. Чив чимээгүй ангийнхнаа дагаад яваад өгөв. Уйлмаар ч юм шиг, гомдмоор ч юм шиг. Дүүдээ л уур хүрэв "Хүүш та нар намайг ойлго л доо” гэж сэтгэлээ онгойтол хашгирмаар санагдав. Энэ Оюунаагийн зан биш болохоор чадсангүй, Дараа нь бас нэг өдер.
Туяасайхан , Тунгалаг хоёртой гэр рүүгээ явж байтал Туяасайхан,
- Гурвуулаа шинэ монгол кино үзэх үү? гэж санал гаргав. Тунгалаг ч уухайн тас зөвшөөрлөө. Үнэхээр Оюунаад мөнгө байсангүй. Мөнгөгүй гэж хэлэхээсээ зовоод, - Би ч кино үзэж чадахгүй нь ээ. Дүү маань ганцаараа болчихно гэвэл Тунгалаг,
- Чи ч өөр хүн болжээ. Аргагүй ээ, аргагүй. Герман явах хүн яаж монгол кино хараад сууж байхав гээд "хи хи" инээлээ. Тунгалагийг ингэж хэлнэ чинээ санаагүйдээ балмагдан Оюунаад хэлэх үг олдсонгүй. Харин Туяасайхан улаан цайм Тунгалагийн үгэнд орж,
- Эрт биеэ тооно гэдэг ганцаардахын тэмдэг шүү гэж хэлүүт шууд Тунгалагийг сугадаад энэ бидэнтэй зам нийлэхгүй гэсэн шиг явж одов. Дахиад л эвгүй байдалд орчихов. Уралдаанд түрүүлнэ гэдэг ямар хэцүү юм бэ? Би тэгээд яах юм бэ? Эдний хэлсэн бүгдийг дагаад байх уу, яах вэ гэж Оюунаа өөрөө өөртөө шивнэлээ. Гэвч энэ үгэндээ хариу олж чадсангүй. Ганцаардаж орхив.
Оюунаа зураг зурна гэдгийг надаас ахадсан хичээл гэж бодож явсан үе саяхан. Зургийн хичээл түүнд хүршгүй өндөр оргил байв. Тиймээс нэг ч зураг зурж байсангүй. Зуръя гэж бодож ч байсангүй. Багшийг яаж аргалж хэнээр зуруулбал олигтойхон дүн авчих вэ гэж бодож явсан өдөр олон. Нэгээс дерөвдүгээр ангид ортлоо ганц ч зураг зураагүй, харандаа цаас хоёр нийлүүлж үзээгүй гэж хэлж болно. Гэтэл дөрөвдүгээр ангид зургийн багш өөрчлөгдлөө. Батнасан гэж унжуу хамартай уруулдаа сахалтай өндөр хүн орж ирэв. Самбар дээр он сар бичиж "Мөөг" гэсэн томоо гарчиг тавиад дор нь дэлбээ нь навсайж үрчийсэн хачин сонин мөөг зурав. Тэгснээ,
- Борооны дараа хүрээ дүүртэл ургасан олон сайхан мөөгийг хүүхдүүд түүчихжээ. Ганцханыг орхилоо. Ширүүн борооны сум мэт дуслууд түүний тал талаас нь хайр найргүй балбаж, хань ижилгүй өнчин мөөгийг үрчийтэл нүдлээ. Дэлбээ нь салбарч урагдан, нуурын шархдаж үлдсэн өнчин хун шиг энэ мөөг хүүхдүүд та нараас энэрэл хайж байна. Тэгэхдээ намайг борооны ширүүн дуслаас хамгаалаач гэсэндээ бус гагцхүү өнчирч хоцрохын гуниг, ганцаардлын гашуудлаас салгаж өгөөч гэсэндээ борооны дуслаар уйлан хайлан сууж байна хэмээн Батнасан багш өндөр нам дуугаар тайлбарлаж ганц мөөг зурлаа. Оюунаагийн цээж өөд нэгэн хар юм өгсөөд ирэх шиг. Юу юугүй уйлмаар санагдав. Автагдалгүй, амьд үлдсэндээ баярлах ёстой энэ мөөг харин тэгсэнгүй нь, охины сэтгэлийг улам ихээр хөдөлгев. Яг л нялх хүүхэд мэт самбар дээрээс сарвайн аврал гуйж байх шиг бодогдов. Тэрбээр золтой л уйлчихсангүй. Батнасан багш энэ зургийг хуулж зур гэлээ.
Оюунаа өөрийн эрхгүй харандаагаа шүүрээд авлаа. Тэр сэтгэлдээ мөөгтэй ярилцаж түүний зовлон гунигийг хуваалцаж зурлаа. Яахын аргагүй адил боллоо. Гэвч огт төстэй болоогүй юм шиг, аль нэг зүйл дутуу болсон мэт санагдав. Тэгтэл багш тэгсэнгүй. Бүх хүүхдийн зургийг тэр дороо үзэж Оюунаагийн зурсныг илүү магтан, "Онц" тавилаа.
Түүнээс хойш Оюунаагийн хүсэн хүлээдэг хичээл зураг боллоо. Долоо хоногт ганцхан орох энэ хичээлийг тэр тэсч ядан хүлээнэ. Эхлээд номноос янз бүрийн зураг хуулж зурахдаа Батнасан багшийн хэлснээр сэтгэлээсээ "ярилцана". Хонхон цэцэг, хорхойд хазуулсан алим мөчир дээр суугаа болжмор гээд зурсан бүхэн нь бүтэлтэй. Сүүлдээ өөрөө зохиож зурна. Дүү нь уйлахыг, ээж нь уурлахыг, хажуу айлын ахын машины дугуй хагарахыг тэрээр сэтгэлдээ төсөөлж цаасан дээр буулгадаг байлаа.
Хоёр жил болохдоо хэдэн дэвтэр дуусгасныг бүү мэд. Будаг харандаа зургийн дэвтэр тэсгээсэнгүй. Хичнээнийг барсныг бүү мэд. Гэтэл тэр энэ жилийн хүүхдийн ордноос зарласан зургийн уралдаанд оролцов. Багш нь зургийн дугуйланд оруулж нэг жил суралцсан болохоор уран зураг шиг сайхан хичээл ертөнцөд байсангүй. Бушуухан том болж зураач болохын бөөн хүслэн. Гэтэл уралдаан боллоо. Олон өдөр сууж зурсан тахианы өндөг хэмээх цуврал зураг нь түрүүллээ. Шувуу болох ёстой өндгийг ховдог эзэн нь идчих гээд болдоггүй ээ. Учир нь эднийд өндөг дардаг тахиа байсангүй. Үүнийг мэдсэн хөөрхий өндөг ганцаар бөмбөрөн өнхөрч явсаар эхийгээ олж сүртэй том азарган тахиа боллоо. Ингэхдээ ямар зовлон зүдгүүртэй зам туулсныг охин зурагтаа дүрсэлжээ.
Гэтэл одоо түрүүлсний зовлон өдөр өдрөөр нэмэгдэв. "Би их зан гаргаагүй, ангийнхан минь намайг яваандаа зөв ойлгодог болно" гэж сэтгэлдээ өөрийгөө зоригжуулавч нэг л хэцүү. Тэр ч байтугай монгол хэлний багш,
- Эх сайхан монгол хэлээ бүрэн эзэмшилгүй зураач болж чадахгүй. Үүнийг л Оюунаа чи ойлгож хичээл бүхэнд ялгавартай ханддаг зангаа татаарай гэж хэлсэн нь олон өдөр түүнийг далдуур уйлууллаа. Урьд нь тэр цээж бичгийн хичээлд хэзээнээс муу байлаа. Тэртэй тэргүй түүний зөв бичдэг нь ховорхон. Харин сүүлийн хэдэн сар мэрийж хувьдаа хичээгээд байхад багш нь түүнийг ажигласангүй. Гомдоов. Би бүх хичээлд сайн байх ёстой гэж бодох авч үнэхээр чадал нь
үл хүрнэ. Тэгтэл бүр "Чи муу гарвал Германы урилга чинь хүчингүй болно шүү" гэж ангийн багш сүрдүүллээ. Ангийнхан ч тэр, багш нар ч тэр хүн бүхэн түүнийг харна. Алхаа гишгээ бүрийг нь цэгнэнэ. Бусадтай адилхан байхыг хичээх авч нөхөд нь түүнээс хөндийрөөд байх шиг. Өөрийн бодлоор тэр биеэ тоогоогүй атал юм л бол "биеэ тоолоо, ганц уралдаанд түрүүлснээ их юм бодлоо" гэлцэнэ. Энэ яасан хачин юм бэ гэж Оюунаа бодно. Сургууль тарах, түүний Герман явах хугацаа ойртож байсан хэдий ч Оюунаа тэвчиж чадсангүй. Хүүхдийн байгууллагын зохион байгуулагч багш нарын өрөөнд байхад нь гүйж ороод,
- Багш аа, би герман явж чадахгүй, та энэ урилгаа өөр хүүхдэд өгөөрэй гэж хэлээд ширээн дээр гаргаж тавилаа. Тэр гайхаж,
- Оюунаа чи юу болов оо? гэхэд - Зүгээр багш аа, би явж чадахгүй боллоо гээд гарч гүйлээ. Араас нь ангийн багш, Батнасан багш хоёр нь, - Оюунаа!!! гэж дуудсан боловч эргэж харсангуй. Гараад хонгилоор пижигнэтэл гүйлээ. Хоёр хацрыг нь даган нулимс урсч байгааг хэн ч харсангүй. Хаалгаар гараад шороон замаар гэр рүү явж байхдаа хамаг хүнд ачаагаа сургууль дээрээ орхисон мэт бие нь хөнгөрч, сэтгэл гомдох харамсах баярлах зүйлгүй хөндий хоосон болсон санагдана. Гэртээ ирээд зургаа зурахаар ширээндээ суулаа. Дүү нь саад болсонгүй, хөлс бурзайгаад унтаж байлаа. !'Би арчаагүй" гэж гарчиг тавиад өөрийгөө зурлаа. Гуниг, нулимс, ганцаардлаа бүгдийг нь багтаана гэж хичээнэ. Зурж зурж нэг харсан чинь дэлбээ нь салбарч бороонд цохиулсан нөгөө мөөгтэй адилхан болчихлоо. Түүний анхны зурсан мөөг!!! Гэнэт инээд хүрэв. Гарчигныхаа ард "мөөг" гэж нэмж бичсэнээ "би арчаагүй мөөг" гэж амандаа давтав. Мөөгөнд гомдол харуусал хүнийх шиг байдаг гэж үү... Тэр ингэж бодлоо.Долгорын Батжаргал
By Boldkhuu Batbaatar with
7
сэтгэгдэл
7 сэтгэгдэл:
-
Тийм ээ, чиний зөв. "Малгай" гэдэг. Зохиогч нь ингээд биччихсэн байна.
-
bayarlalaa, saihan oguulleg bna. blogtoo share hiij boloh uu?
-
хүн өөрөө сурая гэтэл зааж чадаагүй багш хүнийг тэгэж хэлэх ч гэж дээ. Тэгээд энэ хүмүүсийн атаархуу зан ч юм уу бүү мэд. гоё өгүүллэг байна хуулаад тавина зохиогчийн эрх нтр зөрчих хамаагүй шүү
-
@Anonymous: Өгүүллэгийг бичсэн зохиолчийн нэрийг нь тавьчих. Тэгээл болоо. :)
-
Энэ өгүүллэг бодит амьдралаас сэдэвлэсэн бололтой.Багш хүн гэдэг хүний авъяас чадвар, урам зориг хайрладаг сайхан мэргэжил.Миний хувьд 10-н жилийн физик багш яг энэ өгүүлэл шиг дотоод мөн чанар ойлгуулсан юм.Уншаад сэтгэл их хөдөллөө.Баярдаа Б.Болдхүү багшаа...
Гоё болж ээ. Гэхдээ Мөөгөнд Дэлбээ биш Малгай л байдаг лдаа уул нь