follow

Хулгайч нарын тухай нэгэн азгүй "амьтан"-ы тухай бодол

Өнөөдөр жаахан онцгүй өдөр байна. Удаан хугацаанд хүлээж байж авсан, намайг байгаа орчин, цаг хугацааны хараат байдлаас салгаж байсан зөөврийн компьютерээ, цүнхтэй нь, бас бус эд зүйлстэйгээ хулгайд алдчихлаа. Гэхдээ авсан хулгайчийг буруутгахаасаа илүү өөрийнхөө сонор сэрэмжгүй байдалд л буруу өгч байна. Хэн нэгнийг чин сэтгэлээсээ үзэн ядах гэдэг өөрт илүү хохиролтой байдгийг би мэднэ. Тиймээс эд хөрөнгөө алдсан дээрээ хэдэн эсээ үхүүлээд яах вэ. Байдгаараа л байя. Юу гэдэг билээ, "Хая цаашаа!" гэдэг байхаа.

Ай даа, ноднингоос хойш олон ч үнэтэй цайтай юмаа хулгай гээчид алдчихлаа даа. Утас, тоглолтын иж бүрэн хувцас, моринхуур /энэ ч хулгай биш байсан л даа/, одоо зөөврийн компьютер. Хүн төрөлхтөн авснаа өгч, өгсөнөө буцаан авч амьдардаг гэж би боддог. Надад авсан нэг их зүйл байхгүй хэрнээ өгөөд л байдаг. Хэзээ нэгэн цагт буцааж авна л гэж найдахаас. Харин "хулгайч андууд"-ын хувьд авснаа эргүүлэн өгөх цаг бас ирнэ.

Хулгайч нар уг нь гэмгүй улс л даа. Хүний гээгээгүй зүйлсийг л олчихоод байдаг болохоос. Миний халаасанд байсан утсыг минийх гэж яаж мэдэх юм. Миний сандал дээр байсан нөөтбүүкийг минийх байсан гэж хэн бодох вэ дээ. Хэн нэгэн нь хаячихсан л гэж бодоо байлгүй. Тэгээд л энд дэмий байж байхаар би аваад хамаг амьтны тусын тулд хэрэглэе гэж шийдээ биз. "Энэ зүйл нь Болдхүүд харъяалагдах ба гээгээгүй болохыг баталж байна." гэсэн бичиг наагаагүй нь миний түмэн буруу юм /Бичиг үсэг тайлагдаагүй хулгайч байвал дээрхийг байнга уншиж байдаг тоглуулагч зүүж болно. Гэхдээ сонсголгүй байвал яахав гэх мэтчилэн асуудлууд үргэлжлэх тул энэ хүрээд зогсоё/. За тэгээд хулгайч нар цөөрөөсэй гэхээсээ илүүтэйгээр хулгайч нарыг зөв зүйтэй, гарцаагүй хаягдаж гээгдсэн эд агуурсыг олдог болоосой хэмээн залбиръя.

Дээрх цогцолбор хэсэг бага зэрэг ёгтлол байлаа. Эцэст нь нэг түүх дурьдахад нэгэн нэрийг нь үл санах хаан хугацааг нь үл мэдэх олон өдрөөр өөрийн улсдаа хулгай хийхийг зөвшөөрснөөр бүх хүмүүсийн сонор сэрэмж туйлдаа хүрч, тэр улс хулгайгаас ангижирсан гэдэг. Үүнтэй ижлээр бүх хүн өөрийн юмандаа эзэн байж, анхаарал сэрэмжтэй байвал дээр дурьдсан "бичиг наах" гэх мэт аргаас хамаагүй үр дүнтэй арга болох юм.

Монголын Сонор сэрэмжтэнгүүд маш олон болох болтугай.

By Boldkhuu Batbaatar with 5 сэтгэгдэл

5 сэтгэгдэл:

  • bebe says:

    хэлээд юу гэх вэ автобусанд ороод чихэлдэх 2хон минутын хооронд л цүнх ухаал түрийвчтэй хамаг юм авцан байгааам чин балиар хогнууд тэгээд өөрсдөд нь хоол болдог л юм байхдаа зайлуул, бид нар ч бас буянтай л хүмүүс юм шиг байгаан нэг ч гэсэн хүнийг мөнгөнд хүргээд

  • Хулгайчдад боломж олгохгүй байх нь хамгийн сайн арга байх. Тэгээд ч гэсгээл нь бага болохоор тэд юунаас ч айхаа больж дээ.